Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар мэргэжлийн байгууллага, судлаачидтай хамтран Архангай аймгийн Их тамир сумын нутагт орших “Тайхар чулуу”-нд түүх, соёлын үл хөдлөх дурсгалын хадгалалт хамгаалалтын нөхцөл байдал, хүрээлэн буй орчны эрсдэлийг тодорхойлох судалгааны ажлыг зохион байгууллаа.
Соёлын өвийн хадгалалт, хамгаалалтыг сайжруулах, тогтвортой байдлыг бий болгох, бодлогын хэрэгжилтийг хангах зорилготой зохион байгуулсан тус судалгаагаар “Тайхар чулуу” дурсгалын гадаргуу хэсгийн бохирдлын төрлийг тогтоож, гурван хэмжээст зураглал дээр 12 төрлийн өнгөөр 12 гэмтлийн байршлыг тодорхойлсон нарийвчилсан зураг хийлээ.
Мөн Тайхар чулууны механик болон хими, физик, биологийн гэмтлийг төрөлжүүлэн тогтоож, чулуулгийн минералогийн төрөл зүйлийг тогтоох, ургамлын индекс тодорхойлох ажлыг RTK системд суурилсан мультспектрийн зураглал гаргах, хадны гадаргуу дээр үүссэн гэмтэл, бохирдлыг арилгахад ашиглах бодис, аргазүй боловсруулах, хүрээлэн буй орчин (хөрс, хаг, хөвд)-ы эрсдэлийн судалгааг хийсэн байна.



